Эх уйлсаар л байлаа. Хүүтэйгээ зэрэгцэн уйлж суугаа залуу эх ялгаатай нь дуу үл гаргана. Энэ зуур хаалга нээгдэн сувилагч орж ирэв. Бяцхан хүүг хуурайлан өлгийдөнгөө эхэд хандан,
-Битгий уйл даа миний дүү, энэ хөөрхөн амьтныг харж байна уу? Бүр өлсчихөж. Хөхүүлэх хэрэгтэй гэж аргадах учирлахын завсар өгүүлэв. Сувилагчийн сарвайсан хүүг эх авсангүй. Нүүр буруулж, тэгснээ улам ихээр мэгшиж эхлэв. Сувилагч чарласаар байгаа хүүг аван гарч одлоо. Эх чинэрч хатуурсан хөхөө барилж үзсэнээ саах гэж оролдоно. Тийм ч амар биш аж. Цонхны тавцан дээр босгож тавьсан жижигхэн толинд өөрийгөө хараад сэгсийсэн үс, царай алдаж бэлцийсэн зовхи, хөлстэй духаа илж үзэв. Өөрийнх нь биш хүнийх юм шиг л галзуурмаар санагдана.
Хайр халамж, гомдол, итгэл найдвар, эрч хүч өвөрлөн хүүгээ тээсэн. Өдөр, сар тоолон хүлээсэн. Гэтэл хоёр гар нь мэдээгүй. Хүү үүнийгээ мэдэхгүй уйлна, үнэгчилнэ. Оёдол хазгай дээлийг ханзлаад дахин шидэж болно. Бүр болохгүй бол хаячихна л биз. Харин мэдээгүй гартай төрсөн хүүг яах вэ?
Эх хордлоготойн улмаас хоол хүнсээр тааруухан үдсэн хэдэн сарыг, өдөржин ажиллахаас аргагүйд хүргэдэг амьдралаа, хүүтэй болох гэж мөрөөдөж зүрхэлсэн сэтгэлээ үзэн ядаж байлаа. Эх баригч эмчийг бүр ч илүүтэй үзэн ядна. Хүүг нь амлуулахаар авч ирсэн сувилагчид хонзогноно. Уйлсаар бэлцийн унжсан зовхи, өмөлзөн чичигнэж байгаа уруулаа толинд хараад өөртэйгөө харц мөргөлдөхөөс зайлсхийв.
Гашуудал харуусал, үзэн ядалт, арга ядсан цөхрөл, зүрхэнд нь багтахаа больсон зовлон хэзээ л бол хэзээ сархийн асгарахад бэлэн болжээ. Орноос өндийхтэй болмогцоо эмнэлгийн урт хонгилоор хашгиран гүйж, эмч, сувилагч нар руу дайран “Та нар миний хүүг ийм болголоо” гэж цамнан орилж байснаа бүүр түүрхэн санав. Тэгэхэд эх яахаас ч буцахгүй гүн хямарсан байсан. Нялх биетэй түүнийг ортой нь хүлэх шахан байж тайвшруулах тариа хийн унтуулжээ. Өглөө нь эмч эхтэй уулзаж, хүй нь цээжин биеэ хэд ороосны улмаас хүүгийн гар мэдээгүй болсныг тайлбарлаад “Гэхдээ өсөлт нь зогсоогүй, хэвийн байгаа, тиймээс удахгүй зүгээр болно гэдэгт найдаж болно” хэмээн учирлав. Өмнөөс нь харан суусан, ядарч цөхөрсөн царайтай эх мэлтийтэл ширтэж байснаа том том нулимс унаган, үг дуугүй мэлмэрүүлж эхлэв. “Юун найдвар, яагаад дахиад хүлээх ёстой гэж. Би тэр найдлагыг чинь есөн сар өвөрлөсөн. Тэгээд сайн сайхан болсон нь хаана байна” хэмээн зүрх сэтгэл нь цамнан цовхчиж байгаа боловч эх хэтэрхий цочирдсондоо дуугарч чадахгүйд хүрчээ. Сормуус нь чичирч, харц нь юухныг ч үл онон, утгагүйгээр мэлийнэ.
Эх өдөржин уйлав. Хүүгээ авахаас татгалзжээ. Өлсч, орилсон хүүг сувилагч нар яаж ийн хооллож, шаардлагатай гэсэн эмчилгээг хийж байлаа. Эхийн өрөө оршуулгын газар шиг л нам гүм. Үе үе нусаа шурхийтэл татах, эхэр татан мэгших дуу сонсогдоно.
-Та хоёр хоёулаа үхэж болох байсан. Хэн нэгнийг чинь алдаж ч бас болох байсан. Бид байж болох бүхнийг хийсэн. Хөөрхөн хүүтэй боллоо. Чи өөрөө эрүүл саруул сууж байна. Гэтэл эмч нарыг буруутгаж байдаг.
Эмчийн учирлаж ухааруулж хэлсэн үг толгойд эргэлдэнэ. Үхэж болох байсан, үхэж болох байсан. Тийм ээ, үхсэн нь илүү дээр байсан юм. Оройхон сувилагч хүүг авчирч, орон дээр тавиад чимээгүйхэн гарлаа. Эх хүүг харахгүйг хичээв. Хажууд нь эмнэлгийн улаан цоохор өлгийтэй өчүүхэн нялх амьтан байгааг мартахыг хүслээ. Одоо өрөөнд өмнөхөөс ч нам гүм болов.
Хүү бол байж боломгүй алдаа. Яагаад гэвэл тэр гаргүй. Гартай л даа. Гэхдээ энэ гар хэзээ ч хөдлөхгүй. Ээжтэйгээ аяга булаацалдаж сарвалзан дэвэхгүй. Эх мөнөөх алдааг нүднийхээ булангаар ажиглаж эхлэв. Жижигхэн шонтгор хамар, бүдэгхэн хөмсөг, сөрвийсөн үс. Унтаж байгаа хүү том нүдтэй бололтой. Сормуус нь хүүхэлдэйнийх шиг урт. Хүү шав шувхийн уруулаа хөхнө. Инээдтэй үрчилзэн ярвайж, өлгий дотроо мурчилзана. Мөөмөө хайж буй аж. Эх сандран энгэрээ хумьснаа босч цонхны дэргэд буруу харан зогслоо. Тэгснээ огцом эргэж, хүүгийн өлгийг тайлав. Хүү мурчилзахаа болиод тайван унтана. Өлгийний сүүлийн бүсийг тайлж, даавууг ярахад бяцхан хүүгийн турьхан бие ил гарлаа.
Эх хөлөөс нь эхлээд шинжив. Таван хуруутай. Хумс нь зургийн хальс шиг нимгэхэн, алганд зэрэгцээд багтам хоёр жаахан хөл… чацархаг юм гээч. Хүү хоёр хөлөө дээш татан завилах мэт дугуйруулаад сэтгэл ханан суниав. Гарт нь хуруугаа хүргээд эх өөрөө цочив. Хүйтэн байх гэж бодсон нь үгүй аж. Халуухан хоёр гар. Хуруунуудыг нь барьж үзэв. Хариуд нь ямар ч хөдөлгөөн хийсэнгүй. Эхийн амьсгаа дээрдэж, баруун гарыг нь огцом дээш өргөөд тавьлаа. Амьгүй мэт биеэ даган сулран унахыг хараад хүүгийн хоёр гарнаас шүүрэн барьж орилон уйллаа. Жаахан хүүг сэгсчин гарыг нь базаж, цохиж, өөрийн ухаангүй мэт уйлсаар л. Цочин сэрсэн хүү зэрэгцэн чарлана. Эр хонгор дуутай юм. Гарнаас бусад нь өөлөх юмгүй өхөөрдөм болохыг мэдсэн эх улам их харуусч, харуусах тусам хар нулимсаа сул асгана.
Гаднаас гүйхээрээ орж ирсэн сувилагч өчүүхэн жаахан хүү дээр тэгнээд усан нүдэлж байгаа эхийг хойш татан холдуулаад, хөвгүүнийг яаран өлгийдлөө.
Эх шөнө дунд сэржээ. “ Би хичээсэн, хичээсэн шүү дээ” гэсэн бодолтойгоо хамт нүдээ нээлээ. Хүү алга. Эх орон дээрээ өндийн суугаад хаалга руу ширтлээ. Цөхрөл нь үзэн ядалт, айдас нь аймшиг болон хувирчээ. Эмчийн өрөө эндээс гучаадхан алхам хол. Тийш хялбархаан хүрч болно. Тэгээд хүүг нь ийм болгосон эмчийг багалзуурдан алахыг юу юунаас илүү хүслээ. Тэр буруугүй байсан ч гэсэн гаргүй хүүг амьд үлдээснийхээ төлөө шийтгэл хүлээх ёстой. Эхийн нүд харанхуйд эрүүл бусаар гялалзана. Хажуугийн өрөөний эрүүл саруул, эрхтэн бүтэн хөөрхөн хүү тэвэрсэн эхийг бас үзэн ядаж байлаа. Урдаас харсан тасгийн хоёр ихэр охинтой залуу эхийг мөн л үгүй хийхийг тэсгэлгүй хүсч байгаагаа мэдэрлээ. Залуу эх охидоо дэндүү чанга дуугаар энхрийлснийхээ төлөө үхэх ёстой. Төрүүлсэн алдааг нь тэврэн бөөцийлж, сэтгэл үл өвдөн эрхлүүлдэг сувилагч хорсол төрүүлнэ. Эмийн үнэртэй өрөө нь, итгэл эрсдлээр дүүрэн өнгөрсөн есөн сар, хорвоо дэлхий бүхэлдээ хорслоор дүүрчээ.
Толинд туссан өөрийнхөө царайг хараад сэтгэл нь гансран туйлдав. Ялимгүй царай муутай ч гэсэн нүдэнд дулаахан сэргэлэн төрх хэдийнэ үгүй болж, өмнөөс нь туйлдаж ядарсан хоосон харц ширтэнэ. Эх толийг авч хана мөргүүлээд хутга шиг гялалзах хамгийн том хагархайг гартаа атган хөдөллөө.
Хаалгаа дуу гаргахгүйн тулд ялимгүй өргөж нээгээд хонгил руу харав. Нярайн өрөөнөөс бусад нь харанхуй. Урт нэлмэгэр шөнийн даашинз, нүцгэн хөлтэй тэрбээр, зөөлөн гэтсээр сувилагчийн өрөөг өнгөрөв. Эмчийн өрөөний үүдэнд түр саатаад, гэнэт зориглон шуудхан нярайн тасаг руу алхлаа. Өрөөнд тав зургаан өлгийтэй жаал шуухитнан унтана. Бодлоо өөрчилсөн эх хамгийн захад унтаж байсан өлгийтэй өсгөлүүн жаалыг шүүрэн аваад өрөө рүүгээ буцан гүйв. Яагаад хүний хүүхэд гартай төрж байхад миний үр гаргүй байх учиртай гэж. Нялх хүүхдийн гар ямар байх ёстой юм бэ?
Бүгдээрээ адилхан гаргүй байг л дээ. Бурхан минь, чи үүнийг хүсээ юу?
Хажуугийн өрөөний үүдээр гарахдаа хүүг нь хулгайлснаа мэдэгдэхгүйн тулд алхаагаа саан, сүүдэр мэт чимээ гаргалгүй гулсав. Сэтгэлийн хямралд автан тэр сохорчээ. Солиорсон ч байж болох. Өлгийнх нь бүсийг тайлж байхдаа юу ч бодсонгүй. Адгана, яарна. Нойрноос сэрж ядан яраглах хүүгийн баруун гарыг барьж авснаа толиныхоо хагархайг далайлаа.
-Ээж чинь чамайг их эрхлүүлдэг бил үү, харин би хүүгээ харж ч чадахгүй байна. Яалаа гэж энэ вэ?
Толины хагархай хүүгийн бугуйн тус газар хүрэх мөчид гялгар гадаргууд нь туссан танил царайг хараад эх гараа огцом татлаа. Шонтгор хамартай, бүдэгдүү хэрнээ хэлбэрлэг хөмсөг, сөрвийсөн шингэн даахь…
Хүний биш өөрийнхөө хүүг хулгайлчихжээ. Учрыг ойлгомогцоо эх бахардан хашгирлаа. Тэгснээ хүүгээ тэврэн энгэртээ наагаад цурхиран уйлах нь тэр. Хоёр хоногийн турш хуримтлуулсан хайр, хорсол, итгэл сэтгэлээ асгаруулан уйлж байлаа.
-Хүүгээ би алчих дөхлөө, алчих дөхлөө шүү дээ.
Зүрх нь хайр энхрийллээр цохилно. Элгэнд өрөвдмөөр наалдсан арчаагүй жаахан хүүгийн хөл атиралдан тийчилж байснаа, бяцхан гараа сарвагануулан эхийнхээ сэгсийсэн үснээс зөнгөөрөө зуурав. Эх, хүүгийн гар хөдөлж байгааг ч мэдэлгүй уйлсаар.
Эх сурвалж: Р.Эмүжингийн “Эх” өгүүллэг ''Улбар хөлт'' номноос...
No comments:
Post a Comment