Never give up!
this site the web

Tuesday, November 9, 2010

Цэцэг тасрав. (Өгүүллэг)


(Эрхэмсэг оршихуйн өмнө
ихэмсэгхэн очсон
тэр нэгэн бүсгүй үрд зориулав)

Гал тогооны бачимхан өрөөний хулдаасан шалан дээгүүр нэлий далай болсон цусан дунд үс гэзэг нь сэгсийж, хувцас хунар нь урагдсан бүсгүй ар нуруугаараа шүүгээ налан сууна.Хоёр хөл нь сөөлжиж солбисон нь амьгүй мэт харагдана. Бүсгүйн турьхан биеийг хүйтэн мэсээр хайр найргүй сийчсэн байлаа.  Тэр шүүгээн дээрх утсанд хүрэх гэж байдаг чадлаараа тэмүүлсэн боловч эцсийн мөчид түүнийгээ авч чадалгүйгээр унагаасан бололтой өрөөний тэртээ буланд цусанд хутгалдсан утасны гар хөндий дуугаран хэвтэнэ. Өөрийгөө л арай гэж дээш татан, хоёр гараараа шал тулан суужээ. Өрөөнд юмс ундуй сундуй хийгээд хэн нэгэнд түйвээгдсэн нь илхэн. Энд нэгэн аймшигт аллагын нүд халтирам зураглал тодорч, халуун цусны эхүүн үнэр өрөөгөөр нэг тархана. Бүсгүй үе үе шазав татав хийн шаналгаат дуугаар амандаа гиншинэ. Тэр ухаан орж буй бололтой. Ямар нэгэн юм хэлэх гэсэн шиг ам нь үе үе ангалзавч цустай шүлс савирч, мөгөөрсөн хоолой нь хэржигнэн дуугарна. Зовхио арай хийн өргөж эргэн тойрноо улангассан улаан нүдээр хааяа нэг сүрхий харснаа төдөлгүй зовхио буулгах ажээ. Харин бүсгүйн оюун санаа, энэ бие, энэ шаналалаас салангид оршиж буй бололтой үл ойлгогдом тасалданги ч гэлээ элдэв бодлыг зураглан урсгана.

“Ямар сонин юм бэ? Миний эргэн тойрон нил цус байх юм. Гарт мэдрэгдэж, нүдэнд харагдаж байна. Бүлээн байна энэ цус. Халуун ч гэмээр юм уу. Нээрээ, энэ чинь миний цус байна шүү дээ. Хоёр гар маань цусан дунд байгаа болохоор би халуун байна гэдгийг мэдрээд байгаа юм байна. Эрдэнээ намайг “Миний халуухан бүсгүй” гэдэг байж билээ. Би тэр үедээ халуухан ч байсан юм билүү хэн мэдлээ дээ. Яагаад би Эрдэнээг бодоод байгаа юм бол? Очиж, очиж ийм үедээ шүү. Тэр намайг хайрлаагүй ш дээ. Үгүй ээ, үгүй хайрласан юм байна. Бид хоёр ойлголцоогүй л болохоос. Ямар л хайрлаагүй дээ бидний дундаас тийм хөөрхөн охин төрөв гэж. Миний охин надаас тасран унахдаа бас л ийм халуухан бүлээхэн байж билээ. Эх баригч охиныг минь гарангуут хэвлий дээр минь тавьсан юм чинь би мэдэлгүй яахав. Яг энд”

Тэр хэвлийн тус газраа аажуухан нүд гүйлгэн харлаа

“Хүүе! Энэ чинь яачихаа вэ? Цус гарч байна тэндээс. Юу билээ? Яагаад . . .?
Нээрээ, тэр намайг хутгалсан ш дээ. Эхлээд цохих шиг л болсон, би мэдээгүй. Гараа буцааж авах үед нь цустай хутга атгасан байгааг нь харсан юм байна”

Уусандаа ч юмуу, уурласандаа ч юмуу эхнэр болох энэ бүсгүй рүү улангасан дайрч өрөөсөн гараараа үсдэн дарчихаад, “Май муу гичий минь, ингээд, ингээд, ингээд чи далд ор. Ирсэн тамруугаа арилж өг муу янхан минь” хэмээн орилж, зогсоо зайгүй балбаж байсан. Түүнийг хутгатай гараа дахин явуулахад л хутгалж байна гэж ухаарсан ч нүд нь улаанаараа эргэлдэн, цагаан шүлсээ савируулан хашгирах тэр солонгос эрийг хөөрхий бүсгүй зогсоож дийлэхээ нэгэнт өнгөрсөн байлаа.

“Яг л халуун төмрөөр хайрах шиг, хачин их хорсох шиг, гол руу нэг юм зурах шиг болсон. Орохдоо ч, гарахдаа ч яг л тийм мэдрэмж төрсөн. Гэхдээ өвдөхөөс арай ондоо ч юм шиг. Тиймээ, өвдөхөөс арай өөр байсан. Өвдөлтийг анх би Эрдэнээд зодуулахдаа л мэдэрсэн байх. Тэр согтуу байсан. Яагаад намайг цохисныг одоо ч ойлгоддоггүй. Бүр нүүрэн дундуур шүү. Цохиулж үзээгүй хүн бултахаа мэддэггүй л юм билээ. Аргагүй дээ би ямар Эрдэнээд очтолоо хэн нэгэнд гар далайлгаж үзсэн биш. Биеэрээ ч, сэтгэл зүрхээрээ ч шаналж байсныг бодоход тэр үед би өвдөж байсан юм байна. Байхгүй хойгуур нь охиноо аваад гарахдаа хамаг бие минь тэр чигээрээ шархирч байсан байх. Хөндүүр сэтгэлээс хав халуун нулимс урсдаг юм билээ. Өнгө нь л өөр болохоос яг л энэ цус шиг халуун.
Одоо надаас яагаад нулимс гарахгүй байгаа юм бол? Хэвлийнээс цус л гараад байх юм. Бүр бургилаад . . . Булаг шиг ч юм уу. Багадаа би нэг булаг үзсэнсэн. Тэгэхэд яг л ингээд доороосоо зөөлөн гал дээр буцалж байгаа юм шиг ёроолынхоо элсийг хөдөлгөөд л бургилж байсансан”

Гэрт саяхан юу ч болоогүй мэт нам гүм болжээ. Гагцхүү бүсгүйн хүнд амьсгаа, хаа нэг эхэр татан хүржигнэх дуун сонсогдоно. Бүх юм болоод өнгөрсөн хойно нэг амар амгалан ноёлдог шиг бүсгүйд ч гэсэн саяхан болоод өнгөрсөн аймшиг одоо өөрт нь огт хамаагүй мэт. Хамаатай байлаа ч гэсэн бүсгүй яаж ч чадахаасаа өнгөрсөн. Хүн үхэл гээчтэй нүүр тулчихаар ингээд цайрчихдаг байж болох л юм.

“Тэр нүхийг ядаж гараараа дарах юмсан. Даанч гар маань хөдлөхгүй юм. Хөдлөхгүй ч юу байхав дээ гараа авахаар хажуу тийшээ уначих гээд байх шиг байна. Нүднээс минь өөр юм хөдлөхгүй нь ээ. Уг нь гал тогооныхоо шүүгээг нуруугаараа налсан л юм байна л даа. Нуруу гэснээс нуруунаас бас халуу оргиж байх чинь юу билээ? Нээрээ, тэр намайг эхлээд араас цохисон юм байна. Араас хутгалсан юм болов уу? Хэрвээ тэгсэн бол хамгийн өөдгүй зан даа. Аргагүй л харь хүнээс гарах зан байх.
За, за мэдэхгүй ээ, ямар ч байсан цусан дунд л сууж байна. Би ямар их цустай юм бэ? Минийх ч гэждээ аав ээж хоёрын минь цус гэсэн үг. Үнэндээ бол өвөө эмээгийнх гээд бүүр цаашлах юм байна л даа. Гэтэл би гэж амьтан харь хол хүний нутагт авчираад асгачих гэж. Хайран юм.
Хөлөө ямар эвгүй эргүүлээд суучихаа вэ? Ичмээр ч юм уу. Яг л охиндоо авсан барби шиг. Охин маань хөл нь нугардаг жинхэнэ барби гээд захиад байсан юм. Харин тэрнийгээ явуулж амжаагүй юмсан. Миний охин яасан их баярлах бол. Баярлаад инээхээрээ Эрдэнээтэй аягүй адилхан шүү. Эмээгийнхээ мөөмийг тэмтрээд л унтдаг гэсэн. Эвий дээ үр минь гэж . . .”

Бүсгүй нэг хэсэг амьсгаагүй мэт таг суулаа. Хэрвээ хажууд нь хэн нэгэн байсан бол түүнийг өнгөрчихлөө л гэж бодогдохоор ажээ. Гэтэл тэрээр нүдээ алгуурхан нээж, харсан чигтээ гөлөрлөө. Бүсгүй харах гэснээ биш харагдаж буйгаа л харж байгаа бололтой. Гэвч ухаан бодол, бие цогцсонд огт хамааралгүйгээр оршино.

“Сая энд яг юу болсныг сайн санахгүй юм. Нэг л их орилоон, хашгираан, дуу чимээ, тэгээд л учир зүггүй улаанаар эргэлдээд л өнгөрсөн санагдана. Хамаг бие минь хэсэг хэсгээрээ салж, хаа нэг тийшээ чангааж байна. Зовхиноос өөр юм хөдлөхгүй болохоор би яах билээ. Хөл ямар их даарч байнаа. Аав маань охин хүүхэд доороосоо даарч хөрч болохгүй л гэдэгсэн. Гэтэл би одоо даараад л . . . Аавынхаа үгэнд ордоггүй муу л охин байна даа би. Ер нь би та хоёрынхоо үгийг авсан билүү. Анх энэ хүнтэй танилцах албаар танилцахад тэд маань дургүй л байсан. Тэр тусмаа бүр гадаад хүнтэй шүү. Яагаад тийм шийдвэр гаргаснаа би мэддэггүй. Ямарч байсан Эрдэнээг айлгаж байгаагаа л мэдэж байсан. Яагаад ч юм ирээд, намайг зогсооно гэж боддог би мөн тэнэг шүү. Сүүлдээ зогсоож байгаагаар зүүдэлдэг, эцэстээ зүгээр л мөрөөддөг болсон. Тэгсэн хэрнээ чамтай хаа нэг газар таарчих вий гэж санаа зовдог байж. Бодвол ичиж байсан юм байхаа даа. Солонгосын онгоцонд суух гэж байхдаа хүртэл эргэн, эргэн харж эргэцээд л. Чамайг заавал гараад ирэх юм шиг санасан. Үлгэр шиг. Гарч ирээгүй. Яаж ч гарч ирэх билээ дээ.
Огт танихгүй хүн дагаад, огт танихгүй газарт ирснээ би одоо болтол гайхдаг. Энд ирлээ гээд надад бүх зүйл шинээр эхэлж байгаа юм шиг санагдаагүй. Харин өөр мэдрэмж төрдөг байсан. Чухам юу мэдрээд байгаагаа тэр үед мэддэггүй байж. Одоо бодоход ямар нэгэн юм дуусаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан юм байна. Би гэдэг хүн дуусаж байгаа юм болов уу”

Түүний нүүрэнд шаналгаа улам бүр нэмэгдэхийн хажуугаар ямар нэгэн зэвүүцэл илрэв. Ийм шаналгаат царайд сэтгэл хөдлөл бас давхар илэрч болдог ажээ. Хэрвээ ямар нэгэн хүч чадал байвал тэр хамаг чадлаараа хашгирмаар байсан байх.

“Миний өвөрт орж ирсэн анхны шөнө гэхэд л тэр угаасаа надад байсан юм шиг. Эсвэл бүр хамаагүй мэт тийм л сэтгэгдэл төрж байсан. Харин миний санахын уруул, хамар, бие нь хүртэл хүйтэн байсан. Бээрчихсэн хүн шиг. Солонгос хүмүүс тийм хүйтэн байдаг юм уу бүү мэд. Ногоо үнэртүүлсэн амаараа миний хүзүү, хөх гээд хаа тааралдсан газраасаа үнсэж, үнхэлж байхад надад сэрэл төрөх нь битгий хэл “Яанаа, Эрдэнээд би юу гэж хэлэх юм бол” гэж бодож хэвтсэн. Тэр ч нэг их удаагүй. Би хурдхан шиг л усанд орохыг хүсэж байсан байх.Одоо бараг мартаж дээ”

Бүсгүйн ам нь ангалзаж, цусанд хутгалдсан улаан хэлээ үл мэдэг цухуйлгаснаа далд хийлээ. Уруулаа долоож буй бололтой. Энэ агшинд түүний амнаас улаан хөөс сахарна.

“Ёо, ёо! Ямар их цангаж байнаа. Ам аргаж байна гэж жигтэйхэн. Жаахан ус балгахсан. Амьсгаа тасалдаад байна. Амьсгаа тасалдахаар бодол хүртэл тасрах юм.
Тэгэхэд Эрдэнээ бид хоёрын анхны шөнийг би энэ насандаа мартахгүй. Хайрт минь, хонгорхон минь, янагхан минь гэж тэр зогсоо зайгүй шивнэж, чичирхийлсэн гараараа хамаг биеэ чангалсан намайг илэн таалж байсан юмдаг. Тэгэхэд нээрээ бас их өвдсөн юм байна шүү дээ. Миний амьдралдаа мэдэрсэн анхны өвдөлт тэр юм байна. Гэхдээ ямар гоё өвдөлт байгаа вэ. Тийм нэг . . . тэр гэхийн аргагүй жаргалтай өвдөлт байж. Би жаргаж байсан хэрнээ маш том нулимс гаргаж билээ. Тэгэхэд чи минь хуруугаараа арчаад нүдэн дээр минь үнсэж байсан. Би санаж байнаа. Хүн гэдэг яагаад ингэж үргэлж өнгөрсөн хойно нь харамсах тавилантай байдаг юм бол”

Тэр хүчлэн байж хүзүүгээ үл ялиг хөдөлгөв. Түүний бие өөрт захирагдахаасаа нэгэнт өнгөрсөн бололтой. Хамаг биеэр нь халуу шатаж, үе, үеэрээ салж байх шиг санагдана.

“Усны цорго нүдэнд харагдаад байгаа хэр нь очиж даанч чадахгүй юм даа. Нөгөө цус бургилахаа больчихож. Ашгүй тогтож байгаа юм болов уу, эсвэл бүр юүлчихэв үү”

Түүний амьсгаа улам бүр хүндэрч, улам бүр ойртож байлаа. Бүсгүйг амьсгалах тоолонд хэвлий дээрх шарх болгоноос улаан хөөс ээлжлэн бөмбийлдөнө.

“Улаан хөөс гарч байна надаас. Яг хүүхдийн хамарнаас гардаг “чийдэн” шиг. Инээдтэй ч юм уу”

Бүсгүй дагжин чичирч эхлэв.

“Нээрээ, ямар их даарч байнаа. Энэ их тунасан цус надаас гарлаа гэж үү. Итгэмээргүй юм. Тэр хараа. Захаасаа хатаж эхэлж байна. Ийм хурдан уу? . . .
Аа, нээрээ энэ байр чинь шаландаа халаалттай ш дээ. Тэгээд тэр байх нь. Хичнээн халаалттай ч гэсэн би даараад л байна даа. Хамаг юм бүдгэрч эхэлж байна. Хаа нэгтэйгээс гэрэл сүүмэлзэх шиг”

Түүний амьсгаа улам холдсоор . . . удааширсаар . . .

“Бороотой өдөр борцтой цай уучихаад дээл нөмрөөд хэвтэхээр халуу дүүгээд нойр хүрдэгсэн. Болдогсон бол тэгж нэг хэвтэхсэн. Нүдээ аньсан чинь ямар гоё байнаа. Унтмаар болж байх чинь. Миний нойр хүрээд байгаа юм биш үү. Унтмаар байна. Уг нь охиндоо авсан барбигаа явуулчихсан бол . . .”

Бүсгүйн бие суларч уналаа. Одоо хэн ч түүний биеийг амьтай гэж харж чадахааргүй болжээ.

“Би дийлэхгүй нь ээ. Жаахан унтахаас. . . Энэ гэрэл улам тодрох юм. Нэг их гүн амьсгаа авмаар юмуу . . . Хацар дээгүүр халуу оргиж байна”

Бүсгүй эцсийн удаа нэг их дуутай эхэр татлаа. Хоёр гар нь тулахаас өнгөрч, хэдэн мөч нь чичирхийлэхэд шүүгээ түшсэн бие үл ялиг гулгав. Бүсгүйн турьхан хүзүү толгойгоо даахгүй мөрөн дээр сул унахад хагас аньсан нүднээс нь томоо гэгчийн нулимс гарч хацар даган маш удаан гэгч нь урсана. Гомдолд дарагдсан нулимс ийм удаан урсдаг байж болох л юм.

“Юун их гэрэл, хаанаас тусна вэ? Би ийм их гэрэлд унтаж чаддаггүй ш дээ . . .”



Түмэнбаярын Бум-Эрдэнэ 2010.09.23

No comments:

Post a Comment