Ваннтай усанд ингэж удаан суух чинь яасан сайхан юм бэ? Хамаг арьс зөөлрөөд ёстой нөгөө зөөлхөн булбарайхан гэдэг нь л болж. Өдий дөч давсан насны хүн гэхэд аятайхан л харагдаж байна шүү дээ би чинь. Учиргүй их шалхайж, цэлхийсэн л юм алга” гэж би усны өрөөний толинд өөрийгөө харж зогсохдоо бодлоо. Үнэхээр тийм муухай харагдах юм байсангүй. Харин түрүүхэн дэлгүүрээс авсан дотуур хувцсаа таардаг л байгаа даа гэж санаа зовнисоор өмслөө. Тор шиг ч юм шиг, торго шиг ч юм шиг материалаар хийсэн болохоор өмсөхдөө урчих вий гэж санав. Харахад эмзэгхэн хэрнээ өмссөн хойно яасан ч гоё харагддаг юм. Хоёр хөхийг минь өндийлгөн хооронд нь үл ялиг шахаж өгч. Хөхөн дээрх жижигхэн хар мэнгэ эгдүүтэй харагдана. Дотоож нь биенд яв цав таарч бүсэлхийгээр тайлтай болгож харагдуулна. Виктория секрет гэж өөр юмаа. Хүүхнүүдийн брэнд, брэнд гээд үхэлдээд байдгийн учрыг багахан ч гэсэн ойлгох шиг болов.
“Ингэхэд би яагаад дотуур хувцас гэнэтхэн авсан юм бол” гэж бодоод гэнэт ичих ч шиг, инээд ч хүрэх шиг болж
- Нээрээ, би яах гэж дотуур хувцас авсан юм бол? гэж хажууд хэн нэгэн байсан бол дуулдахаар чанга өөрөө өөрөөсөө асуулаа. Хэн ч хариулсангүй. Надаас өөр хүн байхгүй юм чинь хэн хариулах билээ дээ.
Түүнийг долоо хоногийн өмнө утасдахад нь би таниагүй. Бүтэн хорин жилийн дараа утасдаж байгаа хүнийг яаж ч таних вэ дээ. Нэрээ хэлэхэд нь л дуу нь мөн үү, биш үү гэж бодогдсон. Эхэндээ ээрч муураад юу хэлж, ярихаа олоогүй. Утсаа тавьсных нь дараа зүрх дэлсээд нэг хэсэг яаваа. Юунд ч юм догдлоод, сандраад, хажуу хавийнхаа хүмүүсээс ичээд ч байх шиг нэг л хачин болчихсон. Ашгүй, манай ажлынхан анзаараагүй. Тэр өдөржингөө түүний тухай, ямархан залуу байсан тухай, өөрийнхөө тухай, түүнд ямар их хайртай байсан тухайгаа бодсоор өнжсөн. Ажил төрлөө чухам яаж хийсэн юм бүү мэд. Түүнээс хойш “Тэр ямар болсон бол?” гэсэн бодол надаас салсангүй.
Харин өчигдөр надруу залгаад
- Хэрвээ боломжтой бол өнөөдөр уулзвал болох уу? гэлээ. Үүнийг сонсоод миний амьсгаа давчдаад сандарч эхэлсэн. Яг л жаахан охин шиг.
- Өнөөдөр үү?
“Ээ, энэ амыг дээ. Больчих вий дээ”
- Яасан? Боломжгүй байна уу?
- Үгүй ээ, үгүй. Юу л даа . . .
“За байз өнөөдөр чинь онцын юмгүй байхаа? Өнөөхдөө юу гэх билээ?”
- Би ойлгож байна л даа. Энэ олон жил алга болчихоод . . . гэнэт гарч ирээд л . . .
- Зүгээрээ, зүгээр. Би жаахан тулгамдаад . . . Болохгүй ч юм байхгүй л дээ.
- Тэгвэл би танай ажлыг чинь тарахаар очих уу?
- Би өнөөдөр гадуур ажилтай. Тэгэхээр энд байхгүй байх . . .
“Яагаад би ингэтлээ ээрч муураад байна даа”
- Тэгвэл би хаанаас чамайг авч болох вэ?
- Юу . . . Нөгөө . . . Би яваад очъё. Харин хаана . . .? Чи ойлгож байгаа биз дээ? Би нэг л сандраад . . .
“Нээрээ, би яаж ийм хувцас хунартай, тэгээд үс гэзгээ ч янзлаагүй . . .”
- Зүгээрээ. Санаа зоволтгүй.
- Би өнөөдөр ерөөсөө л амжихгүй нь ээ. Маргаашнаас болъё.
“Еэ тэнэг, еэ тэнэг. Одоо хэзээ ч дахиж ярихгүй бол яанаа?”
- Бололгүй яахав. Би хорин жил бодож, хүлээж чадсан юм чинь ганц өдөр надад юу ч биш ээ
“Залуугийнх шигээ гоё ярьдаг хэвээрээ л байна”
- Маргааш бол харин завтай байх.
- За тэгвэл маргааш орой долоон цагт Чингис зочид буудлын ресторанд уулзая. Түр баяртай. Ийм л яриа бид хоёрын хооронд болсон юм. Тэр маргааш гээд байгаа нь өнөөдөр.
“Тэр ямар болсон бол? Хөгширсөн болов уу? Бүтэн хорин жил өнгөрч шүү дээ. Цаг хугацаа юм болохоор түүнийг минь өөрчилсөн л байх даа. Би түүнд ямар харагдах бол? Нэг л хөгшин авгай харагдах болов уу. Энэ дотуур хувцастай тийм ч муухай харагдахгүй л байна. Нээрээ ямар сонин юм бэ? Өдий насандаа ингээд толины өмнө зогсчихоод анхны болзоонд явах гэж байгаа бүсгүй шиг догдолж байх юм чинээ ерөөсөө бодож явсангүй”
Элдвийн юм бодсоор би нилээн удчихаж. Замаараа би үсчин орох ёстойгоо саналаа. Тэгээд ч эртхэн гарахгүй бол манай өнөөх ирчихнэ. Бусдын нөхөр шиг асууж шалгаагаад байхгүй ч гэсэн хүрлийгээд хараад зогсоод байвал бас эвгүй шүү дээ. Ноднин шинэ жилээр авсан даашинзаа өмсөж, гадуур хувцасаа хурдхан шиг углан, охиныхоо хос зүүлтийг шүүрч аваад хам хумхан гарлаа. Үсчинд суух зуураа хумсаа ч янзлуулмаар санагдав.
“Би энэ хүнтэй уулзах гэж ямар их мөнгө зарж байнаа” гэсэн бодол гэнэт харвав. Урд нь хаа нэг баяр ёслолын үеэр л ингэж үсээ зулгаалгадаг байсан санагдана. Хумс хурууг өөрөө л нэг юм халтартуулаад л өнгөрдөг ш дээ. Дургүй дээ биш л дээ. Зүгээр л хэдэн төгрөгөндөө боогдоод л тэгдэг юм. Гэтэл өнөөдөр юу болоод байна даа. Гэхдээ яагаад ч юм тийм ч гэмшмээр санагдахгүй байгаа нь сонин байлаа. Харин ч бүр “Яадаг юм” гэсэн зөрүүдхэн бодлоо өөрийнхөө сэтгэлийн аль нэг булантай тэрсүүлэн суув. Магадгүй энэ ч бодлоос болж би энэ болзоонд явж байгаа байх. Харин би учирч болох бүх зүйлд бэлэн үү? Өөртөө тийм их итгэлтэй байгаа эсэхдээ эргэлзэж байв. Тэр намайг үнсвэл, тэр ч байтугай намайг эзэмдэхийг хүсвэл би яах вэ? Би нөхөртэй, том болсон хоёр хүүхэдтэй хүн. Магадгүй, ямар нэгэн юм болвол нөхрийнхөө царайг яаж харах юм бол? гэсэн бодлууд Чингис буудал руу явах замд, утсаа ширээн дээр тавин түүнийг хүлээж суухад хүртэл салахгүй байв. Гэхдээ би буцмааргүй байсан юм. Магадгүй би өөрөө ч мэдэлгүй түүнийг хүлээж байсан байх. Магадгүй бүх амьдралдаа ч юм билүү хэн мэдлээ. Тиймээс би яахан буцах билээ. Энэ амьдралд дахиж ингэж, сэтгэл хөдлөн догдолж, гэгэлзэж, ичингүйрч, өөрөө өөртөө анхаарч, өрөөлийн өмнө өөрийгөө эмэгтэй гэдгээ мэдрэх үе таараа ч уу, үгүй ч үү. Тэгээд ч энэ хүнд би ганц олдсон охин биеэ гангар шаазан шиг хагаран байж өгсөн. Энэ орчлонд айдас, амраглал хоёр зэрэг ирж болдгийг, өвдөн байж жаргадгийг, халуун нулимсаа унаган байж хайрладгийг энэ хүн л надад мэдрүүлсэн. Энэ хүний ханхар цээжинд хацраа нааж, янагийн сэтгэлд нь нялуурч, бялуурч явсан үе надад бий. Энэ нэг эхнэр хүүхэдтэй сармийсан юмнаасаа салаач гэсэн анд нөхдийнхөө үгийг ч тоолгүй үүнтэйгээ л хамт байвал тамын үүдэнд очсон ч яахав гэж хэлмээр, тэгж галзууртлаа дурласан үе байсан юмаа. Тийм дээ ч би өнөөдөр юу ч болоогүй байхад юунд ч бэлэн байгаа бололтой. Яадаг юм. Энэ үгийг би амьдралынхаа өмнө ч юмуу, эсвэл өөрийнхөө сэтгэл доторх зөрчлийнхөө өмнө ч юмуу алинд нь хэлж байгаагаа ялгасангүй. Амьдралд хэлж болохгүй үнэн гэж байдаг юм байна. Бурханаас бусад нь мэддэггүй бизээ.
Намуухан хөгжим тэртээ буланд эгшиглэж, хүмүүсийн дүнгэнэлдэн ярих яриан дунд хаа нэг халбага сэрээ харшихаас өөр дуу чимээ гарсангүй. Үйлчлэгч залууд халуун цай захиалаад суулаа. Цаг дөхөх тусам зүрхний цохилт хурдсаж, тэрнийхээ ирж болох хаалган зүг байн байн харц шидсээр суулаа.
“Тэр ямар болсон бол? Таргалсан болов уу? Намайг танихгүй бол яанаа” гэсэн бодлууд хөвөрч би цүнхнээсээ толио авч харлаа. Өөрийнхөө гарыг чичирч байхыг гэнэт анзаарч
“Тайван бай, тайван бай. Чи хөөрхөн байна” гэж өөртөө сануулав. Тэгснээ гэнэт “Нээрээ, шингэвтэр үстэй ш дээ Халзарсан бол яана?” гэж бодоод инээд хүрэв.
“Цэцэг өгвөл ямар гоё вэ? Гэртээ яаж авч орноо? Юу гэж хэлэх вэ? Нээрээ! Өглөө болгочихвол би нөхөртөө юу гэх юм болоо? Эвгүй байдаг байхаа. Аа, яадаг юм. Би ямар урд нь ингэж үзсэн биш. Юу ч гэж хэлсэн үнэмшинэ л дээ. Үнэмшихгүй гээд яах вэ дээ. Их л сайндаа жаахан уурлана биз. Хоёр хоног дуугарахгүй л байна биз. Өөр яав л гэж. Залуугаа бодвол хар хор нь гайгүй болчихоод байгаа юм. Ухаантайдаа ч биш үнэндээ бол бидэнд чинь одоо сонголтгүй болчихоод л тэр байх. Би уг нь нөхрийнхөө тухай ингэж бодох хэрэггүй л байгаа юм. Гэхдээ л би яадаг юм л гэж бодоод байх юм даа” Миний толгойд түм буман бодлууд хөвөрсөөр суув. Нэг мэдсэн чинь долоо хорь болчихож
“Залуудаа бас л ингээд хоцорчихдогсон. Аргагүй байх даа. Гэр бүлтэй хүн чинь бас тэднийхээ аяыг хараад л . . ., зохицуулах гээд л янз бүр болдог байсан байлгүй. Тэгээд нэг их том улаан хэл гаргаад л инээдэгсэн. Уучлалт гуйж байгаа царай нь тэр. Тэр зангаа тавиагүй юм байхдаа. Одоо ирээд л бас тэгэх юм болов уу. Инээд хүрээд байх чинь” би өөрийнхөө бодолд хөгжин инээмсэглээд цайгаа дахин балгав. Цай зөөгтчихөж. Нэг мэдсэн би хаалгаруу тэгтлээ харц шидэхээ байчихаж. Цаг долоо дөч боллоо.
“Яасан юм бол? Наашаа яарч сандарч явж халтиргаа гулгаа ихтэй үед аюул осолд орчихов уу”
- Түй, түй гэж нулимаад ширээ тогшлоо. Хэнээс сурсан зан үйл юм бүү мэд.
“Үүдэнд гардаг юм бил үү? Ямар нэгэн юм түүнд минь тохиолдоогүй байгаа. Яагаад надаас гэнэт муу бодлууд салахгүй байнаа? Бурхан минь зүгээр л байгаасай”
Би гэнэт ямар нэгэн айдаст нэрвэгдэн сандарч эхлэв.
“Ном зохиол дээр чинь олон жил хүлээсэн хүмүүст яг иймэрхүү үед нь ямар нэгэн юм тохиолдчихдог ш дээ. Тэгсэн бол яанаа? За, за би одоо юугаа бодоод байна даа. Юу боллоо гэж муу юм тохиолдов гэж. Тайвшрах л хэрэгтэй”
Дахин цагаа харвал наймд таван минут дутуу болжээ.
Би урдаа нэг аяга цай тавьчихаад ганцаараа бүтэн цаг суулаа гэж үү? Бас байдгаараа гангалчихсан шүү. Бусад хүмүүст тийм ч ганган харагдахгүй байж болох ч би өөрийнхөө хувьд байж болох хамгийн ганганаараа сууж байгаа шүү дээ. Гэнэт надад уур гэхээр хаашаа юм, арай ширүүдчих байх. Зүгээр л ямар нэгэн дургүйцэл төрж эхлэв. Гэсэн ч болих гэхээр болимооргүй. Босоод явчих гэхээр хаанаас ч юм амьсгаадсаар гүйгээд ирэх юм шиг санагдаад болох биш.
“Ирэхэд нь байхгүй бол хөөрхий минь ямар их сэтгэлээр унах бол? Бид хоёр чинь өөрсдөө ч мэдэлгүй бие биенээ хорин жил харуулдсан ч юм бил үү. Хэн мэдлээ. Тэр минь л намайгаа өдий олон жилийн дараа олсон шүү дээ”
Ширээн дээр тавьсан гар утас гэнэтхэн дуугарч, намайг бондгосхийтэл цочоов. Дэлгэцэн дээр нь түүний нэр анивалзаж байна. Би яагаад ч юм авмааргүй санагдаж жаал харж суулаа. Чичиргээндээ болоод утас ширээн дээр эргэлдэж, хирэндээ бас уурлаад байх шиг.
Авахгүй гээд яахав.
- Байна уу? байна уу?
- Байна
- Чи хаана байна?
- . . .
Надад хэлэх үг олдсонгүй. Голоос нэг юм зураад ирэх шиг.
- Өө, тийм л дээ. Чи Чингис буудалд байгаа
- Үгүй ээ, ресторанд нь
- Тийм, тийм. Би өнөөдөр очиж чадсангүй ээ.
- . . .
Түүний дуу ямар хөндий хуурай, худлаа ч юм шиг сонсогдож байв. Би дуугарсангүй
- Чи сонсож байна уу?
- Сонсож байна
- Аан! Манайхан өнөөдөр тоглоё гээд . . .
- Юу . . .? Хэн . . .? Ямар тоглоом . . .?
Би ээрч, түгдчиж байлаа.
- Хөзрөө, хөзөр. Манай гэрийнхэн нэг өдөр тоглодог юм. Тэрийг нь мартчихаж. Чи ойлгож байгаа биз дээ? Чи гэр бүлтэй, би бас гэр бүлтэй. Тэгээд . . . нөгөө . . .
Миний нүднээс өөрийн эрхгүй нулимс урсаж эхэллээ. Үнэхээр хэлэх үг олдсонгүй. Би биеэ барих хэрэгтэй.
- Аан! Тэгэлгүй яахав. Гэр бүлтэйгээ байх нь зөв шүү дээ.
- Чи уурлаагүй биз дээ?
- Үгүй, үгүй яасан гэж уурлах билээ.
- Чи ийм ухаантай ш дээ. Би тэгж байгаад яринаа. Хоёулаа заавал уулзана
- . . .
Би хариу хэлсэнгүй. Өөрөөр хэлбэл би “Тэгнээ. Би заавал уулзана” гэж хэлж чадсангүй.
- Чи сонсож байна уу?
Би утсаа тасалчихаад
- Сонсож байнаа. Надад ч гэсэн гэр бүл, хань ижил байгаа гэж амандаа шивнэлээ. Тэрнээс цааш нэг хэсэг юу болсныг мэдсэнгүй. Зүгээр л харц харсан зүгтээ гөлөрч хэсэг суулаа. “Би ямар тэнэг юм бэ? Хөгшин зөнөг авгай мөн ч их юм санаваа. ”
Тэгээд гэнэт ухаан орсон хүн шиг босож явлаа. Араас үйлчлэгч залуу гүйж ирэхэд нь цай авснаа санаж мянган төгрөг сарвайгаад гарлаа. Нэг мэдэхэд байрныхаа гадна ирсэн байлаа.
Өвлийн хүйтэн, халтиргаа гулгаа, хүйтэн нойтон гээд төвөгтэй бүхнийг анзаарсангүй. Сая нэг ухаан орон харвал хөх саарал есөн давхар байр маань утаан дунд сүүтийнэ. Олон жил, чухам хэд гэдгээ ч санахааргүй тийм олон жил орж гарсан орц, хуучирсан цахилгаан шат, бараг харагдахгүй хирнээ хэзээний олоод дарчихдаг хонхны товчлуур, халцарсан модон хаалга гээд бүгд л бахь байдгаараа намайг угтав. Яагаад ч юм би нэг их санаа алдаад хонхоо дарлаа. Манай хүний хүнд алхаа ирэх нь сонсогдоод, түгжээ мултрав. Тэр хаалгаа онгойлгосонгүй. Би араас нь өөрөө түлхэж оров. Нэг их сандарч барьсангүй. Яагаа ч үгүй юм чинь яасан гэж сандрах билээ. Харин нөхөр маань хамар дээрх шилэн дээгүүрээ нэг сүрхий харснаа цааш эргэв. Надтай дуугарсан ч үгүй. Гутлаа тийрч хөлнөөсөө салгаад, гадуур хувцсаа тайлах зуураа нөхрөө сэмхэн ажлаа. Дээгүүрээ цагаан майк өмссөн нь ойрд солиогүй бололтой гүзээгээ дагаад сулхайчихаж. Зайлуул даа, мөр цээж гээд хамаг мах булчин нь суларчихаж. Урдаа онгорхойтой цайвар өнгийн дотуур өмдний нь бөгс унжаад, өвдгөөрөө дорвойчихож. Ойрын хоёр хоногт усанд ороогүй нь илт. Хоёр оймсоо ур муутайхан сөөлжүүлээд татсан нь эгээтэй л ул нь дээрээ гарчихаагүй бололтой. Даанч нэг сүр сүлдгүй харагдана. Ядаж гэрийнхээ өмдийг өмсчихгүй. Гэртээ байгаа юм чинь хамаатай юу л гэж бодож суугаа байх. Аягүй бол бодоо ч үгүй биз дээ. Угаасаа цөлхдүү амьтан.
Намайг ирэхийг тоогоогүй хирнээ нөгөө өрөө рүү явах хооронд араас харж байгаа нь надад мэдрэгдэж байв. Унтлагын өрөөндөө орж хувцсаа тайлж хэдэн тийш нь шидчихээд халаадаа углаад жаал суулаа. Чив чимээгүй болохоор сайхан ч юм шиг. Бүх юм хуучнаараа, үргэлж мөнхийн байдагтаа гэхээр уйтай ч юм шиг. Халаадны онгорхой энгэрээр цухуйх “Виктория секрет”-г хараад уур ч хүрэх шиг, инээд ч хүрэх шиг. Одоо энийг яах вэ? Аль хэдийн аваад өмсчихсөн юм чинь буцаана гэж байхгүй. Хий дэмий л баахан мөнгө үрж дээ өнөөдөр. Ядахад манай хүн ганц ч үг дуугарахгүй юм. Намайг юу бодож явааг мэдчихнэ гэж баймааргүй юм. Угаасаа ч бараг дуугарах биш дээ. Эрчүүд нас ахихаараа ингэдэг юм байх даа. Хүн байна ч гэж тоохоо байчих юм. Гэхдээ л хөөрхий минь энэ олон жил миний хажууд байж, болсон болоогүй намайг тойрч гүйсээр нас нь бас ахиж дээ зайлуул.
Нөхрийнхөө байгаа өрөөнд халгаад орж чадсангүй. Галын өрөөрүү явтал араас
- Хоолоо халаагаад идээрэй гэв. Би хариу хэлсэнгүй. Гэхдээ түүнийг түрүүлж дуугарсанд сэтгэл эерэх шиг. Яагаад ч юм би гэм хийчихсэн юм шиг л гэлбэлзэж байв.
Хальтхан тагласан тагны хажуугаар цухуйх хоолны халбага гозойж харагдана. Ойлгомжтой. Нөгөө л гурилтай хоол. Барахгүй байж бүгдийг нь халаалтай биш ганц халбагыг аягандаа салгаж хийгээд эргэж суулаа. Өдрөөс хойш юм идээгүй хирнээ хоол идэх дур хүрсэнгүй. Хий дэмий л эргүүлж тойруулж суухдаа
“Тийм ээ, тийм. Чи ч гэр бүлтэй, би ч хань ижилтэй. Гэхдээ чи над шиг “Яадаг юм” гэж бодож чадсангүй. Хэрвээ чи ингэж бодож чадахгүй л байсан юм бол яах гэж гэнэт хаа нэгтээгээс гараад ирэв дээ. Зүгээр л алга болсон чигтээ далдхан байж байхгүй. Одоо бодоход чи тэртээ он жилүүдийн өмнө энэ л шалтгаанаар надаас холдсон. Чадахгүй бол дахиж утасдаад хэрэггүй дээ. Би авах ч үгүй. ” өдөржингөө ямархан байдалд байснаа бодохоор дотроос нэг юм огшоод хариугүй нулимс гардгийн даваан дээр ард хөлийн дуу гарч би биеэ барилаа. Өдөр сэнсдүүлсэн үс нүүрлүү намиран унжиж нүдийг минь түр ч болов халхлана.
- Хоолоо идэхгүй яагаав?
- Зүгээрээ, түрүүхэн манай ажлынхан хоол идчихсэн
- Өө, тэгээ юү?
“Энэ яагаад гэнэтхэн ийм зөөлхөн болчихов? Хөөрхий дөө, жаахан хайнгадуухан ч гэлээ миний л хань шүү дээ ”
- Харин тийм ээ. Манайхан өнөөдөр жаахан суугаад гэж ярихдаа ч би доошоо харсаар байв.
“Би яаж ингэж түдрэлгүй ярьж чадаж байнаа”
Тэрээр миний хажууд сууж
- Тэгээд юун ч уйтгартай суух юм дээ. Хааяа хамт олонтойгоо сайхан суух чинь сайхан ш дээ.
“Энэ яагаад ийм элгэмсэг, яриасаг дуугараад байна? Арай нөгөөх чинь . . .” гэж бодон түүн рүү харлаа. Нүд нь жоготой гэгч нь сэртийгээд нэг л бишээ.
“Өө, үгүй шүү. Өнөөдөр л биш шүү” гэж бодов. Манай хүн хүсэхээрээ ингэдэг юм. Бид чинь олон жил ханилж байгаа юм чинь бие биенээ мэдэлгүй дээ. Тэр гараа явуулан миний үсийг хойшлуулаад
- Миний өвгөн өнөөдөр ямар гоё болчихоов дээ? гээд миний өмнөх хоолноос халбагдан зажлах зуураа нүд нь гялтганана.
“Яанаа энэ одоо салахгүй ээ. Ингээд нүд нь гялтганаад ирэхээрээ салдаггүй юм. Гэнэтхэн учир зүггүй уурлалтай биш би яах вэ?”
- Яасан? Урд нь муухай байсан юмуу?
- Үгүй дээ. Чи минь угаасаа л сайхан шүү дээ.
“Тийм л юм бол үргэлж ийм хайртай дотно байхад яагаав. Намайг ер нь хүн байна чинээ хардаг билүү чи”
- Хн! Чи л тэгж бодож байгаа байх даа.
- Тэгэлгүй яах юм дээ. За, алив үнсье.
- Цаашаа, цаашаа
- Заа, хэзээ ингэж байсан юм дээ
- Би ядраад байнаа гээд амьхандаа хурдхан шиг нөгөө өрөө рүү явлаа.
“Өнөөдрийн явдалд нөхөр маань буруугүй л юмсан. Ямар хэцүү юм хорвоо вэ?”
- Ийм хөөрхөн болчихоод ядардаг ингэнээ (гэнээ) гэж эрхлэнгүй дуугарсаар араас ирж бэлхүүсээр тэврэв. Зүгээр үед бол магадгүй аятайхан л санагдах байсан байх. Гэтэл тэгсэнгүй. Дотор хичнээн арзаганаж байсан ч би тэсэж байв. Тэрээр намайг хүзүүдэн хацар дух хаа тааралдсан газраа үнсэх зуураа халаадыг минь тайллаа. Цоо шинэхэн хослол өмссөн нүцгэн бие минь л үлдлээ.
“Үгүй ээ, үгүй. Одоо би хүсэхгүй байна ш дээ” Тархинд ийм л бодол орогнож байв.
- Чи минь ийм гоё ш дээ. Би чинийхээ хөхөн дээрх мэнгэнд дуртай. Чи минь ямар гоё үнэртэй, ямар зөөлхөн арьстай болчихоо вэ? гэж үглэсээр хоёр хөхийг минь базлан үнсэнэ. Түүний хүзүүнээс усанд ороогүй арьсны үнэр, амнаас нь түрүүн халбагдсан гурилтай хоол үнэртэнэ. Би хамаг чадлаараа хашгиран түлхмээр байсан ч чадсангүй. Дийлэх ч үгүй биз. Энэ чинь миний нөхөр шүү дээ. Бас хүүхдийн минь эцэг. Хий дэмий л цээжнээс чухам хэнд ч юм гомдсон гомдол хар зураа татуулан огшиж хоёр аньсгаар шахагдан гарч урслаа. Нөхөр маань гомдлыг байтугай яагаад миний хөх гоё харагдаж, яагаад арьс минь зөөлөрч, сайхан үнэртэй болсныг тэр ч байтугай шинэхэн хослолыг ч анзаарч байгаа шинж алга.
- Чи минь минийх. Бүгдээрээ минийх хэмээн үнсэх завсраа үглэн дайрна. Одоо энэ ажлаа дуусахаас нааш салахгүй нь ойлгомжтой. Харин би
“Тиймээ, тийм. Би чинийх. Энэ гэр орон, аж амьдрал бүгд чинийх. Гэлээ гэхдээ би өнөөдөр өөрийгөө чамд зориулж бэлдээгүй ш дээ” гэж бодон шохой нь бүүдийж шарласан адар ширтэн хэвтэж байлаа . . .
Т.Бум-Эрдэнэ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment