Never give up!
this site the web

Thursday, March 10, 2011

Хав харанхуй, хий хоосон дундуур (Өгүүллэг)

Би хаана байнаа? Хов хоосон, хав харанхуйн дунд би юу хийж зогсоо юм бол? Зогсох ч гэждээ миний хөл доор юу ч алга. Би хөлтэй юм байна . . .
Надад тулах цэг гишгэх газар алга. Түнэр харанхуйд дуу чимээ, гэрэл гэгээ мэдэгдэхгүй юм. Зүгээр л нүх шиг тас харанхуй. Өчүүхэн ч болов гэрэл тусаасай. Тэгвэл түүгээр баримжаалахсан. Эргэн тойрон юу ч байхгүй тул би өөрийгөө хардаг эсэхээ ч мэдэхгүй юм. Би ингэхэд чухам яг юу юм бол? . . . Би айж эхэллээ. Надад айдас байдаг юм байна . . .
Гэхдээ хичнээн айдастай байсан ч надад мэдэж байгаа гэхээсээ илүү мэдрэгдэж байгаа юм нэг байв. Тэр нь юу вэ гэвэл би нэг тийшээ явах ёстой. Чухам хаашаа юм бол? Ийшээ юм болов уу? Үгүй ээ, тийшээ юм болов уу? гэсээр би байран дээрээ эрэгцэнэ.
Байз, байз! Би анх харсан тэр зүгтээ л явах ёстой юм шиг байна. Харсан гэснээс хандсан гэвэл онох юм уу даа. Би хандсан зүгтээ явлаа. Явах ч гэждээ хөвж байх шиг санагдав. Далайн гүнд шумбаж буй мэт. Гэхдээ би нойтон мэдрэхгүйг бодоход агаарт байгаа бололтой. Би урагшилсаар байв. Өөрийгөө мэдэрч байсан эхэн үеэ бодвол надад ямар нэгэн зорилго байх шиг. Нэг анзаарсан чинь айдасгүй ч болчихоо юу даа. Би хүч нэмэн урагшлав. Их удаан явлаа. Дэндүү удаан. Тэгтэл тэртээ хол, бүр харааны үзүүрт гэмээр хол бүүдгэр туяа харагдав. Харьцуулах юм байхгүй болохоор би харааны үзүүр гэхээс өөр яах билээ. Улаан юм тэр туяа. Би нүдтэй юм гээч . . .
Би тэр зүгт шунан тэмүүлэв. Яагаадыг мэдсэнгүй. Юу ч үгүй хов хоосон, хав харанхуйд би өөр хаачих билээ. Зүтгэх тусам улам цаашлаад байх шиг. Гэтэл үгүй юмаа. Би хэдийгээр ойртож байгаа боловч тамирдан ядарч эхлэв. Би бас ядардаг байх нь . . .
Тиймээ би ядарч байв. Надад ямар нэгэн юмны дэм хэрэгтэй. Үгүй ядаж л би нэг юмнаас барих зуурах хэрэгтэй. Нээрээ, би гартай юм байна . . .
Өөрийгөө тогтоохгүй л бол юу юугүй тэр гүн харанхуй руу унах нь. Би тийшээ унаж яасан ч болохгүй. Тэгвэл тэгээд л өнгөрөө. Би тэр л гүн харанхуйгаас ирсэн мөртлөө ингэж бодов. Өчүүхэн ч болов гэрэл гэгээ харахаараа миний сэтгэл санаа өөрчлөгдөж буй бололтой. Ядаж тэр гэрэлд гараа хүргэлгүй уначихвий гэхээс би сандарч эхлэв. Хамаг чадлаараа зүтгэсээр бараг тулж ирлээ. Нарийхан утасны үзүүр шиг юм цухуйж байв. Урам хугармаар. Жижигхэн л юм, гээд яая гэхэв. Надад энэнээс өөр юу ч байхгүй тул үүнийг чамлах хэрэггүй. Хугацаа ч алга. Гэнэтхэн доошоо унах шиг болоход би өөрийн эрхгүй нөгөө үзүүрээс атгаж авлаа. Эгээтэй л унасангүй. Ашгүй амь гарлаа гэж бодогдов. Ингэхэд би амьтай гэж үү. Тиймээ, тийм би амьтай. Би эхлээд мэдэрч байсан, тэмүүлж байсан. Одоо би барьж байна, харж байна. Би амьтай юм байнаа . . .
Нэгэнт л зуураад авсан болохоор тэр утас шиг юм цааш үргэлжлэх ёстой мэт санагдан яг л олс дамжин авирах мэт гараа сэлгүүлэхэд нээрээ үргэлжилж байх шиг байв. Яагаад би тэр үзүүрээс цаашихыг харахгүй байгаагаа сая ойлгов. Тэр үзүүр ямар нэгэн хаалтыг нэвтлэн гарч ирсэн байжээ. Миний сэлгүүлж барьсан өрөөсөн гар харагдахгүй болчихсоныг бодоход тэр хаалтыг нэвтлэхэд тийм ч хэцүү биш бололтой. Дахин нөгөө гараа сэлгүүллээ. Бас л нэг нарийхан юмнаас барив. Ингэж урагшлан, зориг муутайхан хаалт руу шургалан орлоо. Тэнд тийм ч их ялгаа байсангүй. Орчин нь гадаах гэж нэрлэж болох үл мэдэгдэх хаалтны цаадахтай адилхан хав харанхуй, гүнзгий, хов хоосон хэвээрээ. Ганц ялгаа нь гэвэл миний хоёр гараараа атгаж буй нарийхан улаан утас шиг зүйл тэртээх харанхуйруу сунжран одсон байв. Түүнээс цацарч буй бүдэгхэн туяанд энэ бүгдийг арай чамай харж байлаа. Би ямар ч эргэлзээгүйгээр тэр урт нарийхан зүйлийг хоёр гараараа ээлжлэн барьсаар цаашиллаа. Түрүүнийх шиг дүүжигнэсэнгүй. Анхных шиг хөвсөөр байв. Би чухам юуруу тэмүүлж яваагаа мэдэхгүй ч яармаар санагдана. Хоёр гараа хурдан, хурдан сэлгэхэд надад хурд мэдрэгдлээ. Толгой дээр ямар нэгэн юм сэрвэгнэн хөдлөв. Тэмтэрч үзвэл үс байна. Үснийхээ хойшоо намирах хөдөлгөөнөөр хурдыг, агаарын хөдөлгөөнийг мэдрэв. Би толгойтой бас үстэй юм байна . . .
Хурдлах тусмаа үүнийгээ мэдэрч байлаа. Нилээд удаан явлаа. Энэ зуур өөрчлөгдөж буй ганц зүйл гэвэл миний атгаж яваа утас шиг улаан юм улам бүдүүрч олс шиг гарт баригдахуйц болов. Бас түүнээс дулаан мэдрэгдэнэ. Одоо тэр миний гайхлыг төрүүлэхээс гадна энэ их хөлгүй харанхуй, хязгааргүй гүнзгийд надад итгэл найдвар болж байв. Би түүнийг тавьчих л юм бол тэртээ доошоо уусах мэт алга болох биз. Би улам бүр цаашилсаар байлаа. Хаашаа явж буйгаа мэдэхгүй ч миний зөн совин намайг хөтөлсөөр байсан юм. Би бас зөн совинтой юм байна . . .
Одоо нөгөө олс шиг халуухан улаан маань өргөссөөр гарт багтахаа байжээ. Түүний гадаргууд гөвдрүү мэт овгор товгор үүсэж байгаагаас гадна дотуур нь ямар нэгэн юм урсах мэт гүрвэлзэх нь мэдрэгдэж байв. Хав харанхуйд бүлээн дулаан юм гартаа атгаж, түүнтэйгээ хань бараа болон явах хичнээн сайхан гээ. Анх хаана байгаагаа мэдэхгүй байсныг бодвол одоо надад илүү их итгэл найдвар төрсөн байв. Энэ их итгэлээ би алдчихгүй юмсан. Түүний илтэд өргөсөхийн хирээр гэрэлтэх болсон улаан ягаан туяанд миний нүүр бүхлээрээ харагдах болсон байв. Болоогүй ээ, би бас нүүртэй . . .
Хэрвээ намайг хэн нэгэн хажуугаас харах юм бол намайг чухам юу байна гэх бол? Барьцгүй хоосон, түнэр харанхуйд надад олдсон дулааныг, гэрлийг дагаад миний хаанаас ч юм тийм нэг эергүү сэтгэл төрж байлаа. Надад сэтгэл гэж юм байдгийн байжээ гэж . . .
Би цаашлах тусам би өнөөхийгөө тэврэхгүй бол болохгүй болж эхэллээ. Одоо илтэд мэдэгдэх болсон гүвдрүүнүүд гадаргууд нь долгиотно. Дотуур нь урсгал урсах нь тэвэрт мэдрэгдэнэ. Тэгжээ явтал нөгөө бүдүүн улаан юм маань гэнэт огцомхон доошиллоо. Ихээ өндрөөс унах шиг болж сандарсан хэдий ч бүдүүн улаанаа тэвэрсээр яваагаа ухаарч бага зэрэг тайвшрав. Тэвэрсэн чигтээ уруугаа харан гулсан явахад түүний гаднах гөвдрүүнүүд цээжин тушаа нидрүүлэг мэт нидрэнэ. Миний үс барьж үзэх шаардлагагүйгээр хийснэ. Надад ийш тийшээ юм харах сөгөө байсангүй. Осолдохгүй хоёр гараа алдаж болохгүй гэдгээ л ухаарч байлаа. Их хурдтай уруудах тул нүднээс маань нулимс гарч шанх даган урсав. Нулимс гэдэг юм надад бас байх ажээ . . .
Тэгж тэгж огцомхон доошилсон шигээ эгц дээшилэн эрчээрээ хэсэг өгссөнөө зогсчихов. Түр хүлээлээ. Урагшилсангүй. Тэр ч бүү хэл тэврэлтээ чангатгаагүй бол буцаад гулсах шинжтэй. Хоёр хөлөөрөө нэгэн гүвдруунд тээглүүлээгүй бол уначих л юм байна л даа. Түрүүнийх шиг ямар нэгэн хүч намайг урагшлуулахгүй нь илт болов. Одоо яах вэ? . . . Одоо би өөрөө л явах ёстой. Зөн совин надад ингэж хэлэх шиг. Яг миний явах ёстой үе эхлэхэд өнөөх бүдүүн улаан маань тэвэрт ч багтахаа байхаас гадна эгц дээшээ болжээ. Гэтэл түрүүний их хурдаас болоод анзаараагүй зүйлээ сая л харлаа. Өнөөх улааны маань хана их тунгалагжсан Бөгөөд түүний дотуур улаан урсгал урсаж байгаа нь нэвт харагдаж байв. Анх мэрдрэгдсэн тэр гүрвэлзэл чинь урсгал юм байж. Бүр хоржигнон сонсогдоно. Би сонсдог юмаа даа янз нь . . .
Би одоо энд байгаад байж болохгүй. Дахин зүтгэлээ. Юугаараа, яаж яваад байгаагаа мэдэхгүй анхны тэр үе өнгөрсөн бололтой. Одоо өөрөө л зүтгэхээс өөрцгүй. Тэгэхгүй гэхээр эндээ үлдэх болох нь. Тэр олон гүвдрүү гувруунаас чангааж, зулгааж зарим дээр нь дөрөөлж зүтгэв. Болж байнаа. Түүний доторх урсгал улам бүр тод сонсогдоно. Халуун дулаахан урсгалын энэ чимээ намайг хөглөн дуудах шиг санагдана. Надаас өөр амьдрал өөр хаа нэгтэй байна гэж бодохоор хичнээн сайхан. Хурдхан шиг л очихсон. Би хөхүүн баясаж эхлэв. Инээд ч хүрэх шиг. Энэ үед нүүрэнд минь инээмсэглэл тодорсон байх. Пөөх! би бас инээдэг байх нь ээ . . .
Би баяртайгаар урагшлана. Өөрөө авирч байгаагаас гадна өмнөөс төөнөх дулаанд би халууцаж, хөлөрч эхлэв. Одоо нөгөө улаан маань тэвэрт багтахаа байж ихээ том улаан хана болжээ. Тунгалаг хананы цаагуур улаан гол эрчлэн урсана. Хүрхрэн урсах тэр чимээ бөглүүхэн сонсогдоно. Гэтэл надад доргио мэдрэгдэж эхлэв. Тэртээ хол ямар нэгэн юм дэлсэх мэт дуу гарч, тэр тоолонд доргиж байв. Би өөрийн эрхгүй яарна. Яагаадыг бүү мэд. Маш хурдан авирч эхэллээ. Яг л хадан хясаанд авирч буй уулчин шиг нэгээс нөгөөд шилжин, дүүжигнэх газраа дүүжлэгдэн, дөрөөлөх газраа дөрөөлөн авирна. Тэгж явахдаа санаандгүй юу харсан гээч. Харсан зүйлээсээ би айх шиг болов. Миний харалдаа тэртээ цаана яг миний авирч буй түвшинд нэг юм сүүтэгнэн авирч байв. Сайн харвал хүн байлаа. Би түүнийг өөртэйгөө адилхан гэж бодвол би бас хүн болж таарах нь ээ. Тиймээ, би хүн юм байж ээ . . .
Түүний авирч буй зүйл нь бас л улаан өнгөтэй хирнээ маш том бүдүүн олс мэт зүйл байв. Тэр нь тэртээ доошоо түнэр харанхуй руу алсран оджээ. Миний авирч буй улаан маань яг түүнийхтэй адил гэдэгт би эргэлзсэнгүй. Би түүнтэй нэгэн зүг авирч байгаа нь тодорхой боллоо. Би өрөөсөн гараараа түүнрүү даллав. Тэр ч гэсэн намайг дөнгөж сая харав уу гэлтэй хэсэг зогсож байснаа гэнэтхэн хурдлав. Хариу алга гээч. Надад яагаад ч юм түүнээс хоцормооргүй санагдсан тул улам хурдлав. Яагаад би түүнээс хоцрох ёстой гэж. Нүднийхээ булангаар түүнийг хааяа нэг харчихаад л зүтгээд байлаа. Тэр бид хоёр барагцаагаар нэг түвшинд яваад байгаа бололтой. Тэгэх тусам шар гозолзож, уур уцаар төрнө. Би шартай бас ууртай . . .
Заримдаа гараа алдаж, заримдаа хөл мултарч авирахад хэцүү болж байв. Сүүлийн үед сонсогдох болсон дэлбэрэх мэт нүргэлэх чимээ, түүнээс гарах чичиргээ улам бүр нэмэгдэнэ. Тэр тоолонд барьцаа алдана. Би нэг юм анзаарсан нь энэ цохилт, дуу чимээ нэгэн хэмтэй болохыг анзаарав. Тиймээс цохилтоос цохилтын хооронд ухасхийх нь хамаагүй дээр ажээ. Тэгэхгүй бол тэр чичиргээтэй зэрэгцэн ухасхийхээр барьцаа алдахчих гээд байлаа. Улаан урсгалын чимээ одоо хүрхрээ мэт хүржигнэн заримдаа өөрийгөө хүртэл сонсохоо больсон. Гэвч би нөгөө хүн хэр зэрэг авирч байгаа бол гэхээс дотор арзагнана. Сүүлдээ нөгөө хүн харагдахаа байчихав. Байдал улам түгшүүртэй болов. Түгшүүрийн гол нь би тэрний хаах нь яваагаа мэдэхгүйд л учир нь байв. Тэр надаас дээр яваа юу, доор яваа болов уу. Гэхдээ би итгэл найдвараа унагаачихгүйн тулд байдаг чадлаараа зүтгэсээр байв. Хамаг бие хөлрөхөөс гадна нөгөө хана маань нойтон гулгаатай болсон байв. Нэгэн хэмийн нүргээн, хүрхрэн урсах урсгалын чимээнд чих дүлийрч байх шиг. Нөгөө хүн хаана явааг ёстой бурхан л мэдэх байх. Гэтэл нэг удаагийн ээлжит нүргээнээр миний чанх дээр хүн харшгирах шиг чимээ гарав. Гайхан дээш харвал нэг сарвалзсан юм унаж ирснээ надаас зууран тогтлоо. Би барьцаа эгээтэй л алдчихсангүй. Нөгөө этгээд тогтох мөртөө маш хурдан миний нуруун дээгүүр авиран надтай зэрэгцэж ирэв. Харвал бас хүн ажээ. Бид хоромхон зуур бие биенээ ширтэв. Би түүнтэй мэндэлмээр байвч тийм сэтгэл төрөхөөр дулаан харц харагдсангүй. Би бас мэндлэхийг мэдэх гэж үү . . .
Харин ч бүр түүнийг хараад үзэн ядах сэтгэл төрөв. Энэ агшинд тэр гэнэт ухаан орсон мэт дээшээ ухасхийв. Би хариугүй хоцрох нь ээ. Гарт ойрхоноор нь түүний шагайнаас шүүрч авлаа. Тэр тийрч байна.
“Муу новш! Надаас зуурч тогтчихоод намайг гишгэлээд өнгөрнө гэж санаа юу. Тэгдэггүй байх шүү” Би шүд зуун бодно. Түүнийг зуурсан хэвээр өнөө нүргэлэх цохилтыг хүлээлээ. Тэр цохилттой хавсрахгүй бол би дийлэхээсээ өнгөрөв бололтой. Тэр тийрсээр, би хүлээсээр. Тоо тооллоо. Би бас тоолж, бодож чаддаг юм байна . . .
Яг одоо цохино доо гэх агшинд би байдаг чадлаараа түүнийг татлаа. Миний зөн совин зөв байжээ. Тэр миний доор орчихов. Гэхдээ тэр чигтээ доошоо уначихсангүй. Яг над шиг миний шагайнаас зуурчээ. Дараагийн нүргээн ирэхээс өмнө би түүнээс салах ёстой гэдгээ ухаарч байлаа. Доошоо харвал түүний хорсол занал шингэсэн хоёр улаан нүд намайг нэвт шувт цоргин ширтэнэ. Миний дотор зарсхийв. Би түүнийг байдгаараа тийрлээ. Чадалтайдаа биш түүний харцнаас айсандаа хамаг байдгаараа савчсан байж магад. Миний хамаг бие зарайсан байсан нь үнэн юм. Тэр нэг их муухай хашгиран, дөрвөн мөчөө сарвагнуулан тэртээ доош тас харанхуйн гүн рүү унахдаа намайг өнөө муухай нүдээрээ ширтсээр байсан юм. Дараагийн нүргээн ирж хаана байгааг минь сануулаагүй бол би хичнээн удаан зогсохоо мэдэхгүй. Нэгэнт түүнээс салсан болохоор дээшээ хурдаллаа. Дээрээс хүн унаж ирдгийг мэдэх болсон тул байн, байн дээшээ харна. Маш их ядарчээ. Хэсэг амармаар санагдана. Гэтэл гэнэт миний дээр хүн байсан юм чинь миний араас бас авирч байж болох юм гэж бодонгуут яаран сандарч бүх хүчээ шавхан авирлаа. Авирах тусам хүнд хэцүү байсан ч ямар нэгэн юмны оройд гарах гэж байгаа нь аяндаа мэдрэгдэнэ. Дээшээ харахад тэнд асар их гэрэл цацарч, доошоо харвал хана дагасан улаан туяа тэртээ цаана гүн харанхуй, хий хоосон ноёлж байв. Би тэндээс ирсэн гэж бодоход нэг л сонин. Гэнэт нөгөө талаар авирч буй хүнийг санаж улам хурдлахыг хичээнэ. Хамгийн эцсийн мөч ойртож байгаа нь үнэн байв. Би авирсаар байж эхлээд хоёр гар маань, дараа нь цээжин биеэ арайхийж гаргаж ирлээ. Сүүлчийн хүчээ шавхан байж бүх биеэрээ гарлаа. Юу байсан гээч. Тэнд маш том ув улаан зүрх байлаа . . .
Би энэ зүрхрүү л тэмүүлж байсан юм байж. Тэр зүрх нэгэн хэмээр зөөлхөн, намуухан цохилно. Тэр цохилт дэргэдээ ийм намуухан хирнээ алсрах тусмаа тийм хүчтэй, доргиотой болдог байж болох юм. Миний авирч гарсан тэр хана энэ зүрхэнд ирсэн нэгэн судас юм байж. Тийм том зүрхрүү тэмүүлэн байж, элдвийг туулан байж ирснээ санахаар нэг л хайр хүрмээр. Би бас хайрладаг байх нь. Энэ хайр хаанас ирдэг юм бол . . .
Зүрхэнд ирсэн олон судас байгааг анзаарав. Нөгөө судсаар авирагчийг гэнэт санан тэр зүг өнгийж харвал тэр уг нь их ойрхон иржээ. Гэвч нэгэнт хоцорсноо ойлгосон бололтой ирсэн газраа хөдөлгөөнгүй сууж байв. Тэр бас л их ядарчээ. Хөлс нь цуван, амьсгаадаж буй нь илт. Намайг харснаа даллаж байна. Түрүүн намайг даллахад даллаагүй хирнээ одоо бүр найрсагаар даллаж, бас инээмсэглдэгийн учир юу юм бол. Хариу даллаж зогсохдоо би түүний нүдэнд асар их гуниг хүүгэж байгааг олж хараад өрөвдөх шиг болов. Би бас өрөвдөнөө . . .
Надаар нэг их өрөвдүүлээд байх залуу биш байсан ч байж магадгүй. Тэрээр нэг их санаа алдах шиг болоод зугуухан буулаа. Би түүний араас харжээ зогсохдоо
“Зүгээрээ дээ! Залуу минь чи дахин өөр зүрхэнд очиж чадна гэдэгт гүнээ итгэж байна. Яагаад гэвэл чи ялагдлаа ухаардаг хүн юм. Чамд сайн сайхныг хүсье” гэж бодож байлаа. Би эргэн, томоос том зүрхээ харахад надад учиргүй их баяр бахдал төрж байлаа.
Одоо би энэ зүрхийг тогших л хэрэгтэй. Харин тогшихоосоо өмнө нэг сайхан хайрын блюз сонсчихмоор байх чинь . . .


Бум-Эрдэнэ

7 comments:

  1. It's amazing in favor of me to have a site, which is useful for my know-how. thanks admin

    Here is my web site ロレックスレプリカ

    ReplyDelete
  2. Wow, marvelous blog layout! How long have you been blogging for?
    you make blogging look easy. The overall look of
    your site is great, let alone the content!

    Here is my web-site 激安プラダ バッグ

    ReplyDelete
  3. Hey there, I think your site might be having browser compatibility issues.
    When I look at your blog site in Opera, it looks fine but when opening in
    Internet Explorer, it has some overlapping. I just wanted to give you a quick heads up!
    Other then that, awesome blog!

    My weblog: ロレックスレプリカ

    ReplyDelete
  4. I was recommended this web site by my cousin. I'm not sure whether this post is written by him as nobody else know such detailed about my difficulty. You are amazing! Thanks!

    My blog; ロレックスレプリカ

    ReplyDelete
  5. I just like the valuable information you provide on your articles.
    I'll bookmark your weblog and take a look at again right here regularly. I am quite certain I'll learn many new stuff
    right right here! Good luck for the next!

    My website ロレックスレプリカ

    ReplyDelete
  6. You need to take part in a contest for one of the
    most useful sites online. I most certainly will
    highly recommend this web site!

    Have a look at my blog post - プラダ アウトレット

    ReplyDelete