Амирлангуйн их хүсэл үүлэн сүүдрээс дайжиж
Алаг дэлхий аниргүйд автан шөнө ирэхүйд
Амраг хосууд хайраар зул асааж
Алиахан жаргалдаа сүлэлдэн уусахад . . .
Хайрын цэцэг шөнө ургана
Нам гүмийн дундах тэр тансаг аялгуунд
Нялх үр хэвлийд ургана
Үлгэр уяссан бүүвэйн дуутай
Үгсэж бас хорвоо уярна
Шөнө дунд үр ургана
Энгэрээс сүү ивлэж
Элгэнд энхрийхэн нар асахад
Үүлэн сүүдрээс үрээ харамлан
Үнсэхдээ тарни шивнэж
Шөнө дунд би ургана
Удаан хүлээсэн хүүгээ санаж
Уярч суухдаа үгүйлж бэтгэрээд
Бурхад амрах гэгээн шөнөөр
Буурал ээжийн санчиганд мөнгөн хяруу нэмж
Шөнө дунд ижий минь ургана
Нөмгөн цагаан салхиар орчлонг шинжиж
Нөмөр дулаан аав минь бодлоо тайлж нойрсоход
Сарны мөнгөн туяанд духанд нь үрчлээ нэмж
Сайхан аав минь зүүдэлж ухаан нэрнэ
Шөнө дунд аав минь ургана
Дахиад л шөнө болоход орчлон ивлэнэ
Далай их хайранд амьдрал үржнэ
Атаа хорсол муу бүхнээс ангид
Аниргүй чив чимээгүй шөнөөр
Ахин дахин нас нэмж
Шөнө дунд хүн ургана
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment