Never give up!
this site the web

Thursday, May 20, 2010

''Таван шар'' явснаас Бээжин явсан нь хурдан байна

Нийслэл хот өнгөжин жавхаажиж, хөгжин цэцэглэж байна . . .
 Гадаа шороо манарч, машин зам түгжирч, утаанд нь угаартаж байгаа хэдий ч дасан зохицож амьдарсаар. Энэ бол дэлхийн хаана ч байхгүй "Монгол хөгжил". Улсын нийслэл Улаанбаатараас Хятадын нийслэл Бээжин ороход ердөө л нэг цаг гаруй ниснэ. 

Харин Багшийн дээд сургуулийн автобусны буудлаас Таван шар явахад гурван цаг зарцуулна. Америк тив рүү нисэхэд 16 цаг зарцуулдаг бол Өмнөговь руу явахад 10 гаруй цаг үрж байна. Гадны цагдаа нар согтуу хүнийг гэрт нь хүргэж өгдөг бол манай цагдаа нар шоронд хорьж, халаасан дахь хэдийг нь суйлж байна. Солонгост микро автобусаар хамгийн ихдээ 10 хүн зорчдог байхад манай оронд хамгийн багадаа 20 хүн зорчиж байна. Америкийн бага ангийн багш сарынхаа цалингаар 10 жип машин худалдаж авч болоод байхад монгол багш сарынхаа цалингаар 10 шуудай будаа авч чадахгүй зовж байна.

Гадны орнуудад боолын хөдөлмөрөөс иргэд нь зугтдаг бол манайд боол болохын төлөө өдөржин, шөнөжин дугаарлаж байна. Эр цэргээ Иракт илгээлээ гэж америкчууд төрөө эсэргүүцэж жагсдаг бол монголчууд хүүгээ дайны талбарт гэрээт цэрэг болгохын төлөө даргад нь хахууль амлаж байна. Амь үрэгдсэн ч ар гэрийнхэнд нь арван хэдэн сарын цалинг нь өгөөрэй гэж гарын үсгээ зурж байна. Монгол эхэд хүүхдээ төрүүлэх эмнэлэг олдохгүй байхад монгол дарга нар шинэ ордонд сууна хэмээн тарвалзаж байна.

Монгол хүүхэд гудамжинд гуйлга гуйж, өлсч үхэж байхад төрийн түшээдийн нохой тансаг хоол шилж идчихээд хуцаж чадахгүй болтлоо зоолж байна. Ингэлээ гээд ноёд ичихгүй. Энэ бол "Монгол хөгжил". Ингэлээ гээд монголчууд ичихгүй. Энэ бол бидний тавилан. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, хөгжлийнхөө чадлаар гэдсээ цатгаж сууна. Төрдөө адлагдсан хөөрхий түмэн тархиныхаа багтаамжаар л хөгжиж байна. Хаана ч байхгүй монгол хөгжил хаяагаа тэлсээр л байна.

No comments:

Post a Comment